АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп одоогийн ХНС-ын дарга Жером Пауэллийг бодлогын хүүг түргэн хугацаанд бууруулахгүй байгааг удаа дараа шүүмжилсээр байгаа ба ирэх 2026 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах үед залгамжлах хүнийг аль хэдийн шийдчихсэн тухай хэвлэлд мэдээлжээ. Дараагийн ХНС-ын дарга болох магадлалтай хүнээр Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга, Трампын эдийн засгийн ахлах зөвлөх Кевин Хассетт нэрлэгдээд байна.Трамп Кевин Хассеттыг өөртэй нь адилаар хүүг бууруулах хүсэлтэй нэгэн гэж хардаг ба Хассетт ч уг албыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдээд амжсан юм. Харин өнгөрсөн ням гарагт өгсөн ярилцлагадаа Хассетт өөрийгөө Жером Пауэллийг орлох нэгэн гэж харахгүй байгаагаа мөн тэдгээр мэдээнүүдийг зүгээр л “цуурхал” хэмээжээ.
Ерөнхийлөгч Трамп сүүлчийн мөчид шийдвэрээ өөрчилдгөөрөө алдартай ч, Хассеттыг томилох тухай мэдээ гарснаар АНУ-ын засгийн газрын бондын хүү огцом унажээ. Өнгөрсөн долоо хоногт, томилгооны процессыг удирдаж буй сангийн сайд Скотт Бессент, Трамп арван хоёрдугаар сарын 25-ы зул сарын баярын өмнө нэр дэвшигчээ зарлаж магадгүй гэж мэдэгдсэн юм. Трамп хэнийг сонгосноос үл хамааран тэр хүн Сенатын гишүүдээр зөвшөөрөгдөх шаардлагатай бөгөөд цаашдын АНУ-ын мөнгөний бодлогын чухал шийдвэрүүдэд өндөр ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Bloomberg



.png)

