2025 оны 6-р сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны тэнцэл өссөн дүнгээр 1,053.20 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58%-иар буурсан үр дүнг үзүүлээд байна. Нийт экспортын орлогын хэмжээ 6-р сард өссөн дүнгээр 6,581.4 сая ам.доллар гарч 2024 оны 6-р сарын үзүүлэлтээс даруй 16.5%-иар буураад байгаа бол импортын зардал 5,528.2 сая ам.долларт хүрч 2.8%-иар өссөн нь гадаад худалдааны тэнцэл буурахад хүргэжээ.
2024 оны нийт экспортын 55.1%-ийг дангаар бүрдүүлсэн нүүрсний экспортын тоо хэмжээ 2025 оны 6-р сард өссөн дүнгээр 37.8 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 6.7%-иар буурсан бол 2024 оны 6-р сард тонн тутамд 107.7 ам.доллар байсан нүүрсний экспортын дундаж үнэ өнгөрсөн сард 60.5 ам.доллар болон 43.7%-иар унаад байгаа нь нүүрсний экспортын орлого 43.8%-иар буурахад нөлөөлжээ. Хэдийгээр нүүрсний экспорт хүчтэй буураад байгаа ч нөгөө талд Оюу Толгойн зэсийн гүний уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн баяжмалын экспортын тоо хэмжээ 1,053.65 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34.1%-иар нэмэгдсэн бол дундаж үнэ тонн тутамдаа 2,232 ам.долларт хүрч 20%-иар өссөнөөр зэсийн экспортын орлого 61.7%-иар нэмэгдэж 2,352 сая ам.долларт хүрчээ.
Олон улсын зах зээл дээрх зэсийн үнийн өсөлт нь нүүрсний экспортын орлогын бууралтыг тодорхой түвшинд нөхөж байгаа хэдий ч гадаад худалдааны ашиг үргэлжлэн буурсаар байна. Энэ нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд төгрөгийн ханш сулрах дарамтыг нэмэгдүүлж байна. Саяхнаас БНХАУ-ын дотоодын зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ өсөж эхэлсэн, мөн Ганцмод боомт дээрх нүүрсний бөөгнөрөл буурч байна. Уг сэргэлт хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй уг өөрчлөлт нь манай улсын хувьд эерэг мэдээ юм.
Эх сурвалж: ҮСХ