Nvidia БНХАУ-д H200 хиймэл оюун ухааны дэвшилтэт чип худалдаалах зөвшөөрлөө авав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Nvidia корпорацад хиймэл оюун ухааны дэвшилтэт H200 чипийг БНХАУ-д борлуулсны дараа олох орлогын 25%-ийг тариф хэлбэрээр авах нөхцөлтэйгөөр экспортын хоригийг цуцаллаа. Гэхдээ тус чипүүд зөвхөн “баталгаажсан харилцагчдад” нийлүүлэгдэх нөхцөлтэй юм. Intel, AMD зэрэг бусад чип үйлдвэрлэгчид ч мөн адил тус зохицуулалтад хамрагдахаар байна.
H200 чип нь БНХАУ-ын Huawei, Cambricon, Moore Threads зэрэг компаниудын одоо ашиглаж буй чипүүдээс үзүүлэлтээрээ нэг үеэр дэвшилтэт бөгөөд БНХАУ-ын дотоодын нийлүүлэлт хүрэлцээгүй байгаа энэ үед эрэлт өндөр байх хүлээлттэй байна. Экспортын хязгаарлалтыг зөөлрүүлэх нь Nvidia-ийн хувьд том амжилт бөгөөд экспортын хориг нь Huawei зэрэг БНХАУ-ын дотоодын чип үйлдвэрлэгчдэд давуу байдал олгож байсан юм. Чипүүд Тайваний үйлдвэрээс АНУ-руу тээвэрлэгдэж, Худалдааны яамны аюулгүй байдлын шалгалтыг давсны дараагаар БНХАУ-ын худалдан авагчдад хүрэх юм. Уг мэдэгдлийн дараагаар Nvidia болон AMD-ийн хувьцаа 2 орчим хувиар, Intel-ийн хувьцаа 1 орчим хувиар тус тус өслөө.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ шийдвэр нь АНУ-ын технологийн болон экспортын бодлогын хамгийн огцом өөрчлөлт бөгөөд БНХАУ-ын AI хөгжлийн чиглэлд дэмжлэг үзүүлж болзошгүйг анхаарууллаа. Гэсэн хэдий ч БНХАУ эдгээр чипийг худалдан авах эсэх нь одоогоор бүрэн тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: Bloomberg




