OpenAI-ийн ChatGPT гарснаас хойш гурван жил өнгөрч, хиймэл оюун ухааны салбарт татагдах хөрөнгө оруулагчдын сонирхол ихээхэн нэмэгдсэн ч сүүлийн үеийн хувьцааны уналт, Oracle зэрэг компаниудын зардлын өсөлт зэрэг нь тус тренд үргэлжлэх эсэхэд эргэлзээ төрүүлж эхлээд байна. Nvidia, Broadcom, Constellation Energy зэрэг компаниудын хувьцааны өсөлт зогсвол S&P 500 индекс ч даган буух эрсдэлтэй байна. АI салбарын өсөлтийг сааруулах хүндрэлүүдээс дурдвал:
• OpenAI компани хиймэл оюун ухааны хөгжилд 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ч 2029 он хүртэл 115 тэрбум ам.долларын алдагдал хүлээх, цаашлаад 2030 оноос л ашигтай ажиллах төлөвтэй.
• Oracle компанийн кредит эрсдэл 2009 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн.
• Alphabet, Microsoft, Amazon, Meta компаниуд ирэх 12 сарын хугацаанд дата төвийн хөрөнгө оруулалтад хамгийн багадаа 400 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн ч cloud-computing болон зар сурталчилгааны орлого нь зардлын хэмжээнд хүрэхгүй байгаа.
Гэвч салбарын хамгийн том асуудал нь компаниудын стратегийн чиг баримжаа өөрчлөгдөж буйд оршиж байна. Томоохон технологийн компаниуд өмнө нь бага зардлаар хурдан орлого олж, их хэмжээний мөнгөн урсгалыг бий болгодог байсан бол одоо AI-д оруулах хөрөнгө оруулалт нь энэ хандлагыг эсрэг зүгт нь хөдөлгөж байна. Компаниудын AI-д оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ ихэссэнээр компанийн чөлөөт мөнгөн урсгал буурч, компанийн үнэлгээнд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна одоогийн AI-ийн хүчтэй өрсөлдөөнд ялахгүй байх магадлалыг нэмэгдүүлсээр байна.
Эх сурвалж: Bloomberg





